Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтыг зохион байгуулж байгаа.
Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2021.05.04) “Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах нийтлэг шалгуур” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ц.Сарантуяа удирдан явуулсан бөгөөд УИХ-ын Тамгын газрын 75 ажилтан хамрагдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлэх, эрх зүйн хувьсгал-шинэтгэлийн үйл явц ид өрнөж байгаа. Энэ хүрээнд Үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцсэн хуулийн төсөл санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг бүхий л үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техникийн туслалцааг УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өгч ажиллаж байна.
Тамгын газрын ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар УИХ-аас батлагдан гарах аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, арилгах, хууль тогтоомжийн уялдааг сайжруулах арга зүйд мэргэших ач холбогдолтой юм.
/эх сурвалж:Parliament.mn/